“Боловсролын шинэчлэл ба Хүмүүнлэгийн боловсрол” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Тамгын газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Боловсролын шинэчлэл ба Хүмүүнлэг боловсрол” хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Энэ нь “Япон лугаа адил хөгжье-Японтой хамт суралцахуй хөгжлийн үйл явц” таван удаагийн цуврал хэлэлцүүлгийн эхнийх нь билээ.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Г.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, Ц.Мөнхцэцэг, Х.Булгантуяа, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Хироюки Кобаяаши, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Эрико Тамүра болон Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох албан тушаалтан, эрдэмтэн судлаачид, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцов.