Өнгөрсөн 7 хоногт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ын шинэ Ерөнхийлөгч сонгогдсон. Одоо түүнээс юу хүлээх вэ?
Зорилт vs Бодит байдал
МҮХАҮТ байгуулагдаад 64 жилийн нүүрийг үзэж буй. Бүтэц нь бол УИХ-Удирдах зөвлөл-Тэргүүлэгчид-Ерөнхийлөгч гээд цааш 11 газар нэгжүүдэд хуваагддаг. Танхим бизнесийн орчныг сайжруулах, олон талын хамтын ажиллагааг хангах, дэмжлэг үзүүлэх зэрэг 6 чиглэлийн стратегийн зорилттой ч олон нийт бол ТОП-100 ААН-ийг тодруулдаг гэдгээр нь л сайн мэднэ. Түүнчлэн тэд бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд нөлөөлөгч, өмгөөлөгч, бизнесийн хөгжилд чиглүүлэгч, холбогч, дэмжихийг эрхэмлэдэг.
Гэвч: Монголын бизнесийн орчин дунджаас доогуур, бизнесийн орчны ерөнхий үнэлгээ өнгөрсөн онд 2020 оны үзүүлэлтээс 8% буурсан. Нэмээд бизнесүүдийн зогсолтын түвшин сүүлийн 5 жилийн дээд цэгтээ хүрээд байна.
Сүүлийн 10 жил: 4 дэх Ерөнхийлөгч
Энэ хүнд цаг үед МҮХАҮТ шинэ Ерөнхийлөгчөө сонгосноор сүүлийн 10 жилд 4 Ерөнхийлөгчийн нүүрийг үзэж байна. Шинэ Ерөнхийлөгч Л.Төр-Од нь “Цахим байшин” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн бөгөөд 9 нэр дэвшигчээс тэр дундаа “Таванбогд” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Баатарсайханаас илүүрхэж сонгогдсон. Одоо энэ хүн танхимын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээж байна.
Юу хүсэх вэ?
МҮХАҮТ энэ онд л гэхэд EBRD-тай хамтран "Trade Mongolia" цахим хуудсыг хөгжүүлэх, МҮХАҮТын дотоод цахим системийг шинэчлэх, гарал үүслийн гэрчилгээний вэб хуудсыг ашиглалтад оруулах, блокчейнд байршуулах зэрэг 6 бүлгийн ажлыг багтаасан үндсэн чиглэл баталсан. Гэхдээ яг энэ ажлыг хийж ийм үр дүнд хүрнэ гэсэн тодорхой хэмжигдэхүйц үр дүн нь тодорхой бус.
Эцэст нь… Бид МҮХАҮТ-аас яг үүргийнхээ дагуу хувийн хэвшлийн хөгжлийг тодорхой үр дүнтэйгээр сайжруулж ажиллахыг л хүсэж байна даа.
Эх сурвалж: lemonpress.mn