Монголын цөмийн эрчим хүчний салбар өнөөг хүртэл хөгжлийн эхэн шатанд байгаа ч сүүлийн жилүүдэд энэ салбарт олны нүд орсон. Иймд ч ЗГ Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна. Яах гэж тэр вэ?
Уранаа урагшлуулчих гээд л
Энэхүү хуулийн өөрчлөлт нь Францын төрийн өмчит Orano Mining компанитай холбоотой. Тодруулбал, ЗГ болон Orano Mining хоорондын Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй холбогдуулан хуулиа өөрчлөх гэж байгаа хэрэг. Ингэснээр Монголд цөмийн эрчим хүчний түүхий эд болох ураны олборлолтыг эхлүүлэх, ураны боловсруулалтын үйл ажиллагаанд хууль эрх зүйн тодорхой зохицуулалт бий болох юм.
Том мэдээ: Ах нь дэмжинэ
Цаашлаад, Монголын цөмийн энергийн салбарт гарах өөр нэг өөрчлөлт бол Орос Монголд жижиг атомын цахилгаан станц барих магадлалтай байна. Уг станц нь Шинэ Хархорум хотын ойролцоо баригдах төлөвтэй байгаа бөгөөд төлөвлөсөн хүчин чадал нь 330 МВт аж.
Эцэст нь… Бидний хувьд цөмийн эрчим хүчний салбарын хөгжүүлэлт стратегийн ач холбогдолтой. Уг салбарын хөгжил нэг талаас дэлхийд дээгүүрт орох ураны нөөцөө ашиглах, нөгөө талаас гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлэх боломжийг олгоно. Нэмээд ураны үйлдвэрлэл нь дэлхийн цэвэр эрчим хүчний хэрэглээнд чухалд тооцогдож байгаа энэ үед бид маш хянуур, тооцоотой ажиллах хэрэгтэй байна даа.
Эх сурвалж: lemonpress.mn